Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2015-11-04


НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Нутгийн удирдлагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар төр засгаас анхаарч ажилласны үр дүнд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан нь томоохон амжилт бөгөөд орон нутагт хэрэгжиж байгаа нь орон нутгийн бие даасан байдлыг хангаж ажиллах эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн билээ. 
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг цаашид улам боловсронгуй болгох, эрчимжүүлэхэд өөрийн үзэл бодлоо дараах зүйлүүдээр илэрхийлье. 
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөв нь дарга, нарийн бичгийн дарга, багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нарын цалингийн сан, бензины лимит, бичиг хэргийн ядмагхан төсөвтэй, жилдээ хүрч ядах зарим жилд өглөгтэй гардаг нь нууц бишээ. Сумын Засаг дарга түүний эрх мэдэл, эдийн засаг, санхүүгийн боломж нь хуралтай харьцуулахад боломжийн билээ. Засаг даргын Тамгын газар хуралд үйлчлэх биш хатуухан хэлбэл хурлын байгууллагаар “Гуйлгана” гэсэнтэй адил утга санааг агуулдаг. 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бие даасан төсөвтэй, төсвөө өөрөө зарцуулдаг гэх боловч сум, багийн хурлууд үйл ажиллагаа явуулах төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан засаглалын байгууллагын хараат байдалд орж байна. Энэ утгаараа хурлын байгууллагын нэр хүнд, шийдвэрлэх асуудлын цар хүрээ буурч байна.
2. Багийн түвшинд төрийн байгууллагыг багийн Засаг дарга, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга хэрэгжүүлж байна. Багийн Иргэдийн Нийтийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Тэргүүлэгчдийн даргыг анхдугаар хуралдааны үеэр сонгоод багийн Засаг даргад нэр дэвшүүлээд багийн Иргэдийн Нийтийн Хурал үндсэндээ ажлаа орхидог. Үнэн хэрэгтээ багийн Иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үеэр ирц өндөртэй болдог нь өрсөлдүүлэгчид ах дүүс, найз нөхдөө машинаар ачиж ирээд нэр дэвшүүлж аваад дараагийн хурлуудад оролцдоггүй. Иймд багийн Засаг даргыг сумын Засаг дарга шууд томилдог болох.
3. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн даргыг тусгай шалгуур гарган, шалгуурт тэнцсэн хүнийг сонгуулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар боловсрол багатай жирийн малчин сонгогдон тамга тэмдгээ хаана хадгалах, юунд хэрэглэдэг, ямар үүрэг рольтойгоо мэддэггүй. Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар багийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэгүй. Харин сум, аймгийн удирдлага, УИХ-ын гишүүдтэй уулзах, төр засгийн бодлого шийдвэр сонсох төдийхнөөр цөөхөн иргэдийг хамарсан цуглаан хийснээр ажил нь явагдаж байна. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын урамшууллаас өөр ямар ч төсөв байхгүй. Тэр байтугай суух ширээ сандалгүй “Гуйлгаар” ажлаа явуулдаг гэхэд хэлсдэхгүй. Иймд анхан шатны нэгж болсон Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
4. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн 22.1, 22.12 дугаарт Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн хурлын саналыг авч, хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах гэсэн заалт бий. Гэтэл сумын нутагт алт байгаа нь тогтоогдвол тэр нь тухайн сумын иргэдэд огт хамаагүй, Улсын Их Хурлын гишүүд, Сайд, дарга нар л энэ асуудлыг шүүрч авна. Тэгэхдээ тухайн сумын болон иргэдийн эрх ашиг сонирхлыг үл тоомсорлон алтны хувь заяаг гол төлөв сумын харъяат бус гадныхан эзэмшинэ. Хаанахын хэн нь бүү мэд бичиг баримтаа үзүүлэхгүй амаар тайлбар өгнө. Хаанахын хэн нь бүү мэд баахан техниктэй хүмүүс ирж хашаа, гэр барьж далдалж аваад газар шороо унаган байгалийг нь онгичиж, олж авсан алтаа өвөл болоход аваад явна. Хэдий хэрийн алт олборлосныг тэр гадныхнаас өөр хэн ч мэдэхгүй. Сумынх нь нутагт байгаа алт сумын иргэд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, сумын Засаг даргад хамаагүй. Энэ тал дээр тэдний эрх мэдэл дутна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авч тодорхой хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай. 
5. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Бидний тухайд орон нутаг намд хуваагдаж, хоорондоо зөрчилдөх шаардлага огтхон ч байхгүй. Нэг сумын ард иргэд “Нам” гэдэг нэр үг зүүж ах дүүгээрээ, хамаатан саднаараа, найз нөхдөөрөө хоорондоо талцаж хуваагдаад яах юм бэ? Мэдээж Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийг намууд явуулах зайлшгүй зүйл. Харин орон нутгийн хурлын сонгуульд нам оролцох шаардлагагүй. Үүнийг болиулах хэрэгтэй. Харин орон нутгийн ард иргэд дотроосоо удирдаж чадах хүнээ сонгож, түүнд үүрэг даалгавар өгч ажил хийлгэх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн хар машинаар биш гараар тоолох хэрэгтэй. Тэгвэл ард иргэдийн үнэмшил итгэлтэй болно.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН С.АРИУНСАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%