Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн үйлчилгээ

2015-10-27

1. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ХАНДЛАГА
2.ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ХЭЛБЭР, ХҮРГЭЖ БУЙ АРГА


Төрийн үйлчилгээ гэдэг нь өргөн утгаараа үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн зорилт чиг үүргийг бүтээгдэхүүний хэлбэрээр болон үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж буй төрийн байгууллагын үйл ажиллагаа бөгөөд явцуу утгаараа Засгийн газрын үйл ажиллагаа юм.  Төрөөс  иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь өргөн хүрээтэй бөгөөд иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад төрийн бодлого чиглэгдэж байна. 
Монгол Улсын шинэ Үндсэн хууль “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгыг тунхагласнаар төрийн зорилт чиг үүрэгт зарчмын өөрчлөлт гарч төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг хуульчлан баталгаажуулсан билээ. Энэ нь төрийн шинэчлэлийн үндэс болсон юм. 
Улсын Их хурлын 1996 оны 38 дугаар тогтоол төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагааны гол эх сурвалж болж байна. Энэ тогтоолоор  төрийн үйлчилгээ  төвийн, аймаг  нийслэлийн, сум дүүргийн , баг хорооны түвшинд гэсэн тогтолцоотой байхаар тогтоосон байна. Дээрх тогтоолоор төрийн үйлчилгээний зарчмыг, үйлчилгээг оновчтой хүргэх, хэрэглэгчдэд ойр байх, уян хатан байх, эрэлт хэрэгцээг хангахуйц байх, үр дүнтэй зохицуулагдсан байх хэмээн тогтоожээ.
Монгол улсад 8906 төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар 162769 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн улс төр 2798 буюу 1,71 хувь, төрийн захиргаа 16179 буюу 9,94 хувь, төрийн тусгай 28773 буюу 17,68 хувь, төрийн үйлчилгээ 115019  буюу 70,67 хувь эзэлж байна. Үүнээс харахад төрийн албыг том корпорацитай зүйрлэж болох юм. Эдгээр төрийн албан хаагчдын ажлын үр дүнгэээс төрийн үйлчилгээний чанар ихээхэн хамаарна.
Иргэдийн амьжиргаа нь төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээнээс хамааралтай байдаг. Төрийн байгууллагуудаас төрийн үйлчилгээг тодорхой түвшинд хүргэж байгаа ч өнөөгийн нийгэмд тавигдаж байгаа шаардлага, иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан  төрийн үйлчилгээг үзүүлэх талаар тодорхой зорилт тавьж, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.
Төрийн үйлчилгээг сайжруулахад цаашид анхаарч авч хэрэгжүүлвэл:
1. Төрийн албыг мерит (мэргэшсэн, тогтвортой) зарчимд суурилсан алба болгох. 
Мерит зарчим нь иргэнийг шилж сонгохдоо тухайн хүний мэргэшлийн шалгалтын дүн, үйл ажиллагаа болон бусад чадварыг нь үндэс болгоно гэсэн үг юм. 1883 онд АНУ-ын Ардчилсан намын сенатч Жорж Пендлтоны санаачилж батлуулсан Төрийн албаны шинэтгэлийн акт (“Пендлтоны хууль” гэж алдаршсан)-аар тус улсад улс төрийн намуудад сонгуулийн үр дүнгээр төрийн албан тушаалыг хуваарилдаг, төрийн албанд улс төр хүчтэй нөлөөлдөг шударга бус тогтолцоог өөрчилсөн бөгөөд энэ үеэс эхлэн АНУ-д төрийн албаны мерит тогтолцоо бүрдсэн байдаг. Энэхүү мерит зарчмыг хуульчилж, хэрэгжүүлж чадсанаар өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсан юм. 
Манай улсын хувьд төрийн албаны хүрээн дэх үндсэн цогц харилцааг тухайлан цогцуулах болсон анхны хууль бол Төрийн албаны тухай хууль (1994) –ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт төрийн алба тогтвортой, мэргэшсэн .....байх зарчмууд тусгагдсан билээ. Улмаар 2002 онд шинэчлэгдэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд дээр дурьдсан зарчмууд хадгалагдан үлджээ. 
Гэвч төрийн албаны өнөөгийн практикт хууль тогтоомжид агуулга хэрэгжих нөхцөл журмаараа хэдийнээ тусгагдан төлөвшиж буй мерит тогтолцооны зарчмуудыг алдагдуулсан “спойль” (эвдрэх) тогтолцоо мэт андуурч уг албанд хандах явдал нэгэнт хэвшил болсон байна. Энэ нь улс төрийн сонгууль бүрийн дараа төдийгүй төрийн аль нэг байгууллагын ерөнхий менежер солигдох бүрт өөрийн хүнээ төрийн албанд шургуулах үзэгдлүүд өнөөг хүртэл тасрахгүй байгаагаар нотлогдох юм.
Байгууллагын тогтворгүй байдлаас төрийн байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар, мэргэшүүлж ажиллуулах зэрэг төрийн албаны үнэт зүйлс доголдоход хүрдэг. Иймд аливаа албан тушаалд томилохдоо улс төрийн хүчин зүйлийн оронд, мэргэжлийн чадварыг гол шалгуур болгодог мерит зарчмыг хэрэгжүүлж ажиллавал төрийн үйлчилгээ сайжрах болов уу.
2. Төвлөрлийг сааруулах
Төвлөрлийг сааруулах нь нягтралыг сийрэгжүүлэх төлөөлүүлэн  шилжүүлэх бүрэн шилжүүлэх гэж хуваагддаг. Төрийн үйлчилгээний ихэнхийг нутгийн удирдлагын байгууллагуудад хариуцуулж, бие даалгахын тулд тэдгээрийн үйл ажиллагааны хууль эрх зүйн үндэсийг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээг нутгийн удирдлагын байгууллагуудад шат шатны түвшинд өөрөөр хэлбэл бүс, аймаг, сум, багт ямар эрх хэмжээтэй байхыг зааглан тогтоож өгөх. Нутгийн удирдлагын байгууллагуудын тогтолцоог бүсчилж томсгохдоо төвлөрсөн төсвөөс орон нутагт дахин хуваарилах хэмжээг аажмаар бууруулж, орон нутгийн төсвийн орлогын баазыг бэхжүүлж, татварын тогтолцоо, хэмжээг зохистой хөгжүүлэх, орон нутгийн өмчийн бүтэц, үр өгөөжийг сайжруулах замаар нутгийн өөрийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг тууштай авах. Ингэснээр  орон нутгийн чанартай ажил үйлчилгээний талаар шийдвэр гаргах, хэрэгжүүлэх бүхий эрх мэдэл, үүрэг хариуцлагыг сумын болон түүний дээд түвшний байгууллагын эрх мэдэлд шилжүүлэх нь зүйтэй.
Орон нутагт төрийн үйлчилгээг хүргэхдээ хувийн хэвшил, хоршоолол, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болох төрийн зарим чиг үүргийн хүрээ, чиглэл гарган, үйлчилгээний сонголт, өрсөлдөөн бий болгох нөхцлийг бүрдүүлж, үйлчилгээний үлгэрчилсэн стандартыг тогтоон, тэдгээрийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх төрийн бус байгууллагуудыг шалгаруулах журам нэвтрүүлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн байдлаар үр дүнг тооцох хариуцлагын тогтолцоотой болгох хэрэгтэй. 
3.Төрийн албан хаагчийн ёс зүйг сайжруулах
Төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагын асуудал шинэтгэлд ихээхэн чухал байр эзэлнэ.  Төр бол сонгодог утгаараа ард түмний санаа бодол, хүсэл зоригийг илэрхийлсэн олон түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага бөгөөд иргэнд үйлчлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид гол үүргийг гүйцэтгэдэг. Энэ утгаараа төр ба иргэний харилцааны нэг чухал асуудал нь төрийн үйлчилгээг эрхэлж буй төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, ёс зүйн байдал болно. 
Гадаад орнуудын туршлагаас үзэхэд төрийн албан хаагчийн биеэ хэрхэн авч явах тухай кодекс гаргаж мөрдүүлэх, түүнийгээ хууль тогтоомжоор баталгаажуулах, ёс зүйн зөвөлгөө, хяналт шалгалт эрхэлсэн зөвлөл, хороо байгуулах зэргийг голчилдог байна.. Жишээлбэл АНУ-д муж улсын түвшинд 38 ёс зүйн хороо, орон нутгийн түвшинд 12 комисс ажилладаг бөгөөд гүйцэтгэх засаглалын байгууллагад ёс зүйн асуудал хариуцсан 150 мянган ажилтан ажиллаж байна. Харин Франци, Англи, Япон, Германд ёс зүйн зөвлөл, комисс, яам ажилладаг байна.
Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанаас төрийн үйлчилгээний чанар хүртээмж шууд шалтгаалдаг учраас төрийн албан хаагч бүр өөрийн үйл ажиллагаагаар иргэдийн эрх ашгийг хамгаалсан төрийн хэргийг залгуулж байгаа гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй юм. Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гаргасан эрх зүйн акт, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллахад төрөөс дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.
Эцэст нь дүгнэхэд манай улсын төрийн албаны үйл ажиллагааны чадавхийг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалтгүй байна. Энэ нь Монгол Улс 21-р зуунд буурай хөгжилтэй хэвээр байна. Төрийн алба хөтөчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Төрийн албаны тухай хуулинд мерит зарчмын талаар нэмэлт өөрчлөлт оруулсан боловч одоо хүртэл хэрэгжихгүй байна. Энэхүү зарчмыг удирдлагын бүх түвшинд зөрчиж байна. Иймд Монгол Улсын төрийн албыг мерит зарчимд тулгуурласан төрийн алба болгон өөрчлөх, шинэтгэх бодлого, стратегийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй.  Монгол улсын хувьд төрийн үйлчилгээг сайжруулах талаар хууль, эрх зүйн баримт бичгийг батлан гаргасан боловч түүнийгээ хэрэгжүүлж ажиллах талаар нийтлэг дутагдал ажигдлагдсаар байгаа нь нууц биш юм. Хуулийг хэрэгжүүлэх асуудал иргэн бүрийн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн үүрэг юм. Нидарландын улс төр судлаач Самуэл Смайлс, “Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу”. гэж  хэлсэнчлэн төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоо чухал юм. 


                                                                                                                               ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Уранчимэг


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%