Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хөдөлмөрийн тухай хуулийг өөрчлөх асуудал

2015-01-23

Шилжилтийн үед буюу 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх, эргэж харах шаардлагатай байгааг энэ салбарынхан онцолж байна. Тиймээс  Хөдөлмөрийн яам, ажил олгогч, ажилчдын байгууллагууд, энэ асуудлаар мэргэшсэн хуульч, судлаач, ТББ-ууд зэрэг олон талын  төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнөөдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр танилцууллаа.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш ажил эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, эдийн засагт хувийн хэвшил давамгайлж, бүтэц нь өөрчлөгдсөнөөр жижиг аж ахуй нэгж, өрхийн аж ахуй ажил олгогчийн үүргийг голлон гүйцэтгэж эхэлсэн нь  шилжилтийн үед батлагдсан Хөдөлмөрийн  тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага байна гэж үзжээ. Тухайлбал 2014 онд нийт аж ахуй нэгжийн 85.2 хувийг 1-9 ажилтантай, гурван хувийг 50-иас дээш ажилтантай аж ахуй нэгж эзэлж байна. Нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд гуравдагч этгээд буюу зайны болон цагийн ажилтан, урт хугацаагаар гэр орноосоо алслагдсан зайд ээлжээр ажиллагсад шинээр бий  болсон нь нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл дээрх шинэ харилцааг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалт байхгүйгээс иргэд хохирох, үл ойлголцол үүсэх, холбогдох этгээд хариуцлага хүлээхгүй байх зэрэг  сөрөг хандлагыг бүрдүүлж байна. Мөн одоогийн мөрдөгдөж буй хуулиар  зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн харилцааг зохицуулж байгаа нь ажлын байр зарлах, ажилд авахдаа хүний эрхэд ноцтой харшилсан болзол, нөхцөл тулгах, нас хүйс, бусад байдлаар ялгаварлах таагүй үйлдэл ч гарч буй.  Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгохдоо ганцаарчилсан болон хамтын маргааны талаар нэгдсэн ойлголтод хүрэх, маргааныг аль болох хохирол багатай, хөнгөн шуурхай шийдвэрлэдэг болохыг  шаардаж эхэллээ. Эхчүүд, гэр бүлийн хариуцлага бүхий ажилтан, хөгжлийн бэрхшээлүтэй иргэн, ахмад настан, насанд хүрээгүй боловч хөдөлмөрлөх эрх үүссэн хүүхэд зэрэг тодорхой бүлгийн хөдөлмөрийнх харилцааг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь  зарчмуудад нийцүүлэн боловсруулах, тэдний хөдөлмөр  боломжийг нэмэгдүүлэх шаардлага ч урган гарсан байна.

Хуульд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 13 бүлэг, 128 заалттай. Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт  хамтын гэрээг аж ахуй нэгж байгууллага, салбарын үйлдвэрлэл, мэргэжлийн түвшинд байгуулах  тухай тусгажээ. Өөрөөр хэлбэл  ажил олгогч нь  өөрийнхөө ажилтны төлөөлөлтэй хэлэлцсэний үндсэн дээр  хамтын гэрээнд нэгдэж орж болохоор зохицуулжээ. Энэ  зохицуулалт нь жижиг аж ахуй нэгж давамгайлсан манай улсын онцлогт илүү зохистой гэж хуулийн төсөл боловсруулагчид үзсэн байна. Мөн ажилтан ажлаасаа гарах өргөдөл өгснөөс хойш 30 хоногийн дараа ажлын байраа орхих эрхтэй байсныг 14 хоног болгож, ажилтны албан тушаалыг хэвээр хадгалах, ажилд нь эргүүлэн авах, бөөнөөр нь халахтай  холбоотой зохицуулалтыг нарийвчлан хуулийн төслийн 4-р бүлэгт оруулжээ. Харин тавдугаар бүлэгт цалин хөлс, хөдөлмөрийн норм тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан байна. Цалин хөлсний макро түвшний зохицуулалтад төрийн оролцоог багасгах юм байна. Гэхдээ ажлын цагийгн доод хязгаар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, үндсэн цалин зэргийг тодорхой тусгах нь зүйтэй гэж үзжээ. Мөн нэмэгдэл хөлс, олговрын доод хэмжээг тогтоож, түүнээс дээш нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагад нээлттэй үлдээсэн байна. Энд малчны мал маллахтай холбоотой харилцаагч ч мөн орхиогүй. Малчны нийт цалин хөлсний 30 хувиас илүүгүй нь мөнгөн бус хэлбэрээр байж болно гэж оруулсан нь хөлсөөр олон жил мал маллаад цалингаа авч чадахгүй байгаа иргэдэд чухлаас гадна  хөдөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таатай нөхцөл болох юм.

Хуулийн төсөлд долоо хоногийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ердийн ажлын үргэлжлэл найман цагаас илүүгүй байх хуучин заалтуудаа хадгалж, оюутны долоо хоногт ажил эрхлэх цагийг 20-иос илүүгүй  байхаар, уул уурхайн салбарт гэрээсээ удаан хугацаагаар хол байх  хэлбэрийг харгалзан “жасаагаар ажиллуулах” гэдэг шинэ  зохицуулалт орсон аж.

Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтан буюу жирэмсэн, нярай хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, ганц бие эцэг,  гэр бүлийн өвчтэй гишүүнээ тэжээх үүрэгтэй ажилтан зэрэгт чиглэсэн зохицуулалтууд тусгагджээ. Жишээ нь нярай хүүхэдтэй эхчүүдэд хүүхдээ асрах, хөхүүлэх завсарлага олгох, энэ чөлөөг өвөө эмээ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох зэргээр илүү тодорхой тусгагдсан байна.

Хуулийн төсөлд хөдөлмөрийн маргаан, дотоод журам, сахилга хариуцлага, хяналтын талаар дэлгэрэнгүй тусгасан байна. Хэлэлцүүлэгт оролцогчид төсөлтэй нарийвчлан танилцаж, санал бодлоо тусгах боломжтой юм.

                                                                                                                                      Эх сурвалж: http://politics.news.mn/content/201911.shtml

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%