Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Цахим карт уншуулж, автобусаар үйлчүүлдэг болно

2014-11-13

Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар үйлчлүүлэхээр болжээ. Ингэснээр нөхөн олговрын дагуу хөнгөлөлт эдлэх эрх бүхий хүмүүст унааны мөнгө нь шууд хүрэх юм байна. Автобус компанийнхан ч хөнгөлөлтийн үнэмлэх шалгах, үнэмлэхгүй бол мөнгө төлүүлэх зэрэг хүндрэл үүсэхгүй аж. Түүнчлэн автобусны цахим картыг тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг  автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах аж.

Мөн автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирдэг байхаар төслийг хэрэгжүүлэх юм байна. Харин зорчигчдод автобусны буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх аж. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангах юм байна.

-МИКРО АВТОБУСЫГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЯВУУЛАХГҮЙ БАЙХ БОДЛОГО БАРИМТАЛНА-

Нийтийн тээврээр үнэгүй зорчдог 235 мянган иргэн байдаг аж. Тэдний нөхөн олговорт төрөөс ирэх онд 53 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин нийтийн тээврийнхэн 72.8 тэрбум төгрөг байхаар тооцож байгаа аж. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс цахим картад шилжихээр үнэгүй зорчдог иргэдийн нөхөн олговрын мөнгө нь тухайн зорчигчийн картанд орох юм байна.  Энэ ажлын гүйцэтгэгчээр “Дата карт” компани шалгарсан бөгөөд эхлээд бүх автобусанд GPS суурилуулж, цахим карт уншдаг төхөөрөмж суурилуулах аж.

Мөн ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж 24 тэрбум төгрөг баталсан бөгөөд 70 автобус шинээр авахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 1088 том оврын автобус иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Ирэх оноос эхлэн бага оврын тээврийн хэрэгслийг хаах бодлого баримталж ажиллахаар төлөвлөжээ. Шууд бүгдийг нь хязгаарлах боломж одоохондоо хомс ч цаашид микро автобусыг явуулахгүй аж. Өнөөдрийн байдлаар туслах шугамын 18 чиглэлд 140 орчим микро автобус үйлчилгээ үзүүлж байгаа  юм байна. Үдэш оройн цагаар өндөр үнэ хөлс авдаг, хүмүүсээ булаалдан хурд хэтрүүлэн давхидаг гэх зэрэг гомдол тасардаггүй тул ирэх оноос бага оврын тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасах бодлогыг баримталж байгаа аж.

Ж.ГАНАА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5731
4268 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%